Загвар стандартын тухай

Нээлттэй Нийгэм Форум ба Дэлхийн нөөцийн хүрээлэн хэмээх олон улсын байгууллагаас Тайланд, Индонез болон Монгол Улсад хэрэгжүүлж байгаа “Иргэдийн байгаль орчны мэдээлэл авах эрхийг баталгаажуулах нь” (The Strengthening the Right to Information for People and the Environment (STRIPE) төслийн нэг хэсэг нь “Байгаль орчны мэдээллийн ил тод байдлын загвар стандарт” боловсруулах ажил юм.

Үүнийг “Ил тод байдал сан” ТББ хариуцаж төрийн ба төрийн бус бусад байгууллага, судлаачид, иргэд, олон нийтийн оролцоотойгоор гүйцэтгэж байна. Төслийн бусад хэсгийг “Хөвсгөл далайн эзэд”, Байгаль орчин, эрүүл мэнд” зэрэг төрийн бус байгууллагууд хэрэгжүүлж байгаа болно.

Монгол Улсын иргэд оршин суугаа нутаг орныхоо байгаль орчны мэдээллийг энгийн, ойлгомжтой хэлбэрээр, хүртээмжтэй олж авахад чиглэсэн арга зүй, аргачлал бүхий загварыг бий болгож нэвтрүүлэх нь бидний эцсийн зорилго юм. Ийм учраас тодорхой аймаг, сум, баг болон дүүрэг, хорооны иргэдэд нэн чухал, өөрөөр хэлбэл тэдний амьдрах орчны унаган төрх, цэвэр байдлыг хангах, эрх ашгаа хамгаалах шаардлагатай тохиолдолд, цаашилбал шийдвэр гаргахад оролцоход зайлшгүй шаардагдах тийм мэдээллийг сонгон загварчилж байна.

Загвар стандартыг Монгол орны хүн амын суурьшил, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд хамгийн ихээр өртсөн Туул голын сав газарт хамаарах Төв аймгийн Заамар сум, түүний Хайлааст баг болон нийслэлийн Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн баруун хэсэг болох 12,13,14-р хорооны нутаг дэвсгэрийн жишээн дээр бүрдүүлэн харуулж байгаа болно.

Ингэхдээ юуны өмнө Туул голын ус, орчны хамгаалалтын бүс, хөрс агаарт сөргөөр нөлөөлж буй ашигт малтмалын олборлолт, цэвэрлэх байгууламж болон бусад нөхцөл байдлыг тодорхой бүртгэл, хэмжээ, эзэн хаягтайгаар нээлттэй болгож, ингэхдээ орон зайн зураглал зэрэг иргэний нийгмийн хувьд шинэлэг арга хэрэгслийг ашиглаж байна.

Иргэн, оршин суугч та загвар стандартын талаар саналаа харамгүй хэлж, баримт нотолгоо бүхий мэдээлэл өгч байвал бид дуртайяа хүлээн авах болно.

id-2048